Хичээл 1 - Хэлцэл

МУИС-ийн ХЗС-ийн ахлах багш Д.Энхзул

ХЭЛЦЭЛ

Хичээлийн агуулгын хураангуй:
  1. Хэлцлийн тухай ойлголт
    1. Хүсэл зоригийн илэрхийлэл
    2. Эрх зүйн үр дагавар
    3. Бусад урьдчилсан нөхцөл
  2. Хэлцлийн төрөл
    1. Нэг ба олон талт хэлцэл
    2. Үүргийн ба өмчийн хэлцэл
  3. Үүргийн ба өмчийн хэлцэл
    1. Үүргийн хэлцлийн ойлголт онцлог
    2. Өмчийн хэлцлийн ойлгол онцлог
    3. Хүчин төгөлдөр өмчийн хэлцлийн урьдчилсан нөхцлүүд
    4. Үүргийн ба өмчийн хэлцлийн ялгаа

Хичээлийн өмнөтгөл:

Хуульчийн гол ажил бол амьдрал дээр бий болсон тохиолдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхэд чиглэгддэг. Ингэхдээ тухайн тохиолдлыг шийдвэрлэхэд хэрэглэх гол хэм хэмжээг зөв олж тогтоон улмаар тухайн хэм хэмжээний бүрэлдэхүүн нь бий болсон тохиолдлын нөхцөлтэй нийцэж буйг шалган тогтоох буюу хэм хэмжээний бүрэлдэхүүн хангагдаж буй эсэхийг харьцуулан тогтоодог. Бид үүнийг хэдийн субсумцион хийх гэж хэлж заншсан.

Аливаа эрх зүйн дагавар нь нэг талаас гэрээний харилцаанаас эсвэл хуульд заасны дагуу үүсэх боломжтой байдаг. Иймд энэ удаагийн хичээлээр амьдралд хамгийн түгээмэл тохиолддог гэрээг өөртөө багтааж байдаг, суурь ойлголт болох хэлцлийн тухай авч үзэх болно.

A. Хэлцлийн тухай ойлголт

Хэлцэл гэдэгт нэг ба түүнээс дээш этгээдүүдийн эрх зүйн үр дагавар үүсгэхэд чиглэгдсэн хүсэл зоригийн илэрхийлэл буюу эрх зүйн актыг ойлгодог. Гэхдээ дийлэнх тохиолдолд дан ганц хүсэл зоригийн илэрхийлэл байснаар шууд эрх зүйн үр дагавар үүсэх боломжгүй харин бусад урьдчилсан нөхцөл хангагдсанаар эрх зүйн үр дагавар үүсэхээр хуульчлан зохицуулсан байдаг. Энэ талаар удахгүй тайлбарлах болно.

a. Хүсэл зоригийн илэрхийлэл ба эрх зүйн үр дагавар

Дээр дурдсаны дагуу хэлцлийн гол үндэс нь эрх зүйн үр дагавар үүсгэхэд чиглэгдсэн нэг ба түүнээс дээш этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл юм. Ихэнх тохиолдолд хэлцэл нь хэд хэдэн хүсэл зоригийн илэрхийллээс бүрддэг. Тухайлбал энд гэрээг дурдаж болох юм. Бидний сайн мэдэх худалдах, худалдан авах гэрээ нь нэг талаас худалдагчийн нөгөө талаас худалдан авагчийн хүсэл зоригийн илэрхийллээс бүрдэж буй хэлцэл юм.

Жишээ 1: А өөрийн машинаа 10 сая төгрөгөөр Б-д худалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ тохиолдолд А нь ИХ-ийн 243-р зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээнээс үүдэх эрх зүйн үр дагавар бий болгохыг хүссэн байна.

Жишээ 2: А өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас Б-ийн машиныг мөргөж Б-д хохирол учруулсан байна. Энэ тохиолдол (=нөхцөл) нь ИХ-ийн 497-р зүйлийн 497.1 дэх хэсгийн бүрэлдэхүүнийг хангаж байна. Учир нь А болгоомжгүйгээр (ИХ-ийн ….) бусдын өмчлөлийн эд хөрөнгөд (=Б-ийн машин) хууль бусаар (= эрх зүйн зохицуулалтыг зөрчиж) гэм хор учруулсан байна. Ийнхүү энэ бүрэлдэхүүн хангагдсанаар А нь Б-д учруулсан хохирлыг арилгах үүрэг буюу эрх зүйн үр дагавар үүсэж байна. Энэ тохиолдолд А нь эрх зүйн үр дагаврыг (=хохирол арилгах үүрэг) хүсээгүй гэдэг нь тодорхой.

Дүгнэлт: Уг харилцааг хэлцэл гэж үзэхийн тулд тухайн этгээд “эрх зүйн үр дагаврыг хүсэж бий болгосон байх” ёстой.

b. Бусад урьдчилсан нөхцөл

Зарим тохиолдолд хүсэл зоригийн илэрхийлэл байснаар шууд эрх зүйн үр дагавар бий болох боломжгүй байдаг. Үүнийг 3 жишээгээр тайлбарлая.

1. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг ойлгодог. Эндээс үзэхэд насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр гэрлэлтээ бүртгүүлэхийн тулд хүссэн бус харин төрийн эрх бүхий байгууллагын өмнө хүсэл зоригоо илэрхийлснээр л гэрлэлт бүртгэгдэж эрх зүйн үр дагавар бий болох юм.

2. Хэлцлийг хэд хэдэн төрөлд ангилдагийн нэг нь өмчийн хэлцэл ба өмчийн хэлцэл гэдэгт түүний үндсэн дээр эрх нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжих, хязгаарлагдах, өөрчлөгдөх эсвэл хүчин төгөлдөр бус болох хэлцлийг ойлгодог. Өмчийн хэлцлийн тухайд эрх зүйн үр дагавар бий болохын тулд хэлцлийн зүйл болох эд юмсыг эзэмшилд шилжүүлж өгсөн байх ёстой.

3. Зарим тохиолдолд тухайн эрх зүйн үр дагавар нь хэлцэл хийгч этгээд дан ганц хүссэнээр бий болохгүй ба энэхүү эрх зүйн үр дагавар нь эрх зүйн зохицуулалтаар хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Тухайлбал ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хууль зөрчсөн эсвэл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байдаг. Жишээлбэл, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8 дахь хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдахыг хориглоно.” гэсэн зохицуулалт байдаг. Үүний дагуу мансууруулах эмийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдах талаар тохиролцсон тохиролцоо нь хууль зөрчиж хийсэн хэлцэл болж хүчин төгөлдөр бус болох үр дагаврыг агуулга гэсэн үг юм.

B. Хэлцлийн төрлүүд

Энэ хэсгээр хэлцлийн төрлүүдийн тухай авч үзэх болно. ИХ-иар хэлцлийг үүргийн ба өмчийн гэж хатуу зааглан ангилсан байдаг.

a. Үүргийн хэлцлийн ойлголт, онцлог

Үүргийн хэлцэл гэдэгт (дийлэнхдээ гэрээ байдаг) тодорхой үйлдэл хэрэгжүүлэх, тодорхой үйлдлийг хүлцэх, тодорхой үйлдэл хэрэгжүүлэхгүй байх (эс үйлдэхүй) үүргийг бий болгож байдаг хэлцлийг ойлгодог. Дийлэнх үүргийн хэлцлүүд нь ИХ-ийн үүргийн эрх зүйд хамаарах ба үүний нэг нь худалдах, худалдан авах гэрээ юм. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч гэрээний зүйлийн эзэмшил, өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх үүргийг хүлээх бол энэхүү үүргийн хэлцэл хийгдсэнээр хөрөнгийн эрх зүйн байдалд аливаа өөрчлөлт орохгүй гэдгийг анхаарах ёстой.

Жишээ 3: А өөрийн машинаа Б-д худалдахаар түүнтэй 1 сарын 1-нд харилцан тохиролцсон ба машиныг 1 сарын 20-нд шилжүүлэхээр болсон. Энэ тохиолдолд талуудын хооронд гэрээ байгуулагдсан хэдий ч 1 сарын 20 хүртэл тодруулж хэлбэл машиныг Б-д шилжүүлэх хүртэл А нь өмчлөгч хэвээрээ байна. Иймээс А өмчлөгч хэвээр тул тэрээр ИХ-ийн 101-р зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу машинаа чөлөөтэй ашиглах эрхтэй. Мөн Б-тэй гэрээ байгуулсан ч Г-д машинаа худалдаж улмаар түүний өмчлөлд шилжүүлэх боломжтой юм.

А машинаа Г-ийн өмчлөлд шилжүүлснээр А-ийн Б-тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд огт нөлөөлөхгүй. Ийнхүү Г-тэй гэрээ байгуулж машиныг шилжүүлснээр А-ийн хүлээх үүрэг нэмэгдэж дан ганц машины эзэмшил болоод өмчлөх эрхийг шилжүүлэх бус мөн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүргийг хүлээх юм.

b. Өмчийн хэлцэл

Өмчийн хэлцэл (дийлэнхдээ гэрээ байдаг) гэдэгт түүний үндсэн дээр эрх шууд шилжих, хязгаарлагдах, өөрчлөгдөх эсвэл хүчин төгөлдөр бус болох хэлцлийг ойлгодог. Өмчийн хэлцэл хэрэгжсэнээр хөрөнгийн харьяалал өөрчлөгддөг онцлогтой. Захиран зарцуулж буй этгээд өөрийн өмчлөлийн хөрөнгөө алдаж нөгөө тал түүнийг олж авдаг.

Дийлэнх өмчийн хэлцлийн талаар эдийн болон эдийн бус баялгийн эрх зүйгээр зохицуулдаг. Ийм ч учраас “хөрөнгийн хэлцэл” эсвэл “хөрөнгийн эрх зүйн байдал” гэж нэрлэх нь бий. Гэхдээ үүнийг өмчийн хэлцлийн талаар үүргийн эрх зүйгээр огт зохицуулаагүй гэж ойлгож болохгүй. Тухайлбал ИХ-ийн 123-р зүйлээр шаардах эрх шилжүүлэх талаар зохицуулсан байдаг. ИХ-ийн 123-р зүйлд заасан гэрээг байгуулснаар шаардах эрхийн хөрөнгийн эрхийн байдалд өөрчлөлт орох ба энэ тохиолдолд шинэ үүрэг гүйцэтгүүлэгч хуучин үүрэг гүйцэтгүүлэгчийн оронд гэрээний тал болдог (ИХ-ийн 123.2 дахь хэсэг).

Жишээ 4: А нь Б банкнаас зээл авахыг хүссэн. Хэрэв А зээлийн үүргийн гүйцэтгэлийг ямар нэг хэлбэрээр баталгаажуулвал түүнд зээл олгоход бэлэн байгаагаа банк мэдэгдсэн байна. А нь өөрийнхөө үйлчлүүлэгчдийн эсрэг хэрэгжүүлэх шаардах эрхээ банкинд шилжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлж улмаар зээлийн гэрээ байгуулагдсан. Үйлчлүүлэгчдийн эсрэг хэрэгжүүлэх шаардлага дотор С-ээс 10 сая төгрөг шаардах эрх хамаарч байсан. С 10 сая төгрөгийг А-д төлсөн. Б банкны зүгээс С-ийг дахин 10 сая төгрөгийг банкинд төлөхийг шаардсан ба ингэхдээ 10 сая төгрөгийг А-д төлсөн эсэх нь бидэнд ач холбогдолгүй гэж мэдэгджээ. Б банк С-ээс 10 сая төгрөг төлүүлэхээр шаардах эрхтэй юу?

ИХ-ийн 211-р зүйлийн 211.1 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Ийнхүү үүргээ гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болно. (ИХ-ийн 236.1 дэх хэсэг). С-ээс 10 сая төгрөг шаардах эрх хэнд байгаа вэ гэдэг асуултанд хариулах болж байна. Анх энэ эрх А-д байсан. Гэхдээ А зээлийн гэрээгээр С-ийн эсрэг хэрэгжүүлэх шаардах эрхээ Б банкинд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Гэсэн хэдий ч энэхүү үүргийн хэлцлээр хөрөнгийн эрх зүйн байдалд өөрчлөлт орохгүй. Үүнд өөрчлөлт орохын тулд үүргийн хэлцлийн хэрэгжилт болох өмчийн хэлцэл хийгдсэн байх ёстой. Хэрэв ийнхүү өмчийн хэлцэл хийгдсэн байсан бол Б банк шинэ үүрэг гүйцэтгүүлэгч (ИХ-ийн 123.2 дахь хэсэг) болж С нь А-ийн өмнө хүлээсэн үүргээсээ чөлөөлөгдөх байсан. (ИХ 186.1 дэх хэсэг) Үүрэг гүйцэтгэх үед шаардах эрх Б банкинд хараахандаа шилжээгүй байсан тул С-ийн хувьд үүрэг гүйцэтгүүлэгч этгээд нь А хэвээр байсан ба 10 сая төгрөгийг төлснөөр С үүргээс чөлөөлөгдсөн байна.

c. Хүчин төгөлдөр өмчийн хэлцлийн урьдчилсан нөхцлүүд
Хүчин төгөлдөр өмчийн хэлцэл хийгдсэн гэж үзэхийн тулд дараах урьдчилсан нөхцлүүд хангагдсан байх шаардлагатай. Үүнд:
  1. Өмчийн хэлцэл хийсэн байх
  2. Захиран зарцуулах эрхтэй байх

Дараах хэсэгт уг урьдчилсан нөхцлүүдийг нэгбүрчлэн авч үзье.

1) Өмчийн хэлцэл хийгдсэн байх

Өмчийн хэлцэл (дийлэнхдээ гэрээ байна) хийгдсэн байхаас гадна бусад урьдчилсан нөхцлүүд хангагдсан байх ёстой. Тодруулж хэлбэл талууд өмчийн хэлцэл байгуулахаар харилцан тохиролцсон байхаас гадна ИХ-ийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгийг эзэмшилд шилжүүлсэн байх ёстой.

Жишээ 5: А нь Б-д өөрийн зурсан уран зургийн өмчлөх эрхийг шилжүүлэхийн тулд талуудын хооронд дан ганц өмчийн хэлцэл хийгдсэн байхаас гадна уран зургийг Б-ийн эзэмшилд шилжүүлэх үйлдэл (бодит акт) хэрэгжсэн байх ёстой.

Харин ИХ-ийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасны дагуу нэг этгээдээс нөгөө этгээд шаардлага шилжүүлэхийн тул дан ганц шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байхад хангалттай. Мөн энэ тохиолдолд ИХ-ийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн байх ёстой.

2) Захиран зарцуулах эрхтэй байх

Өмчийн хэлцлээр хөрөнгөө шилжүүлж буй тал нь гагцхүү захиран зарцуулах эрх бүхий этгээд байх тохиодолд хэлцэл хүчин төгөлдөр байна. Захиран зарцуулах эрх бүхий гэдэгт тухайн эрхийг өөрийн нэрийн өмнөөс хүчин төгөлдөр захиран зарцуулах боломжтой байхыг ойлгох буюу эрхийн эзэн байх ёстой. Иймээс захиран зарцуулах эрх бүхий этгээд гэдэгт эд юмсын өмчлөгч, шаардах эрхийн хувьд үүрэг гүйцэтгүүлэгч, оюуны өмчийн хувьд зохиогч хамаарах юм.

Зарим тохиолдолд өөр этгээд захиран зарцуулах эрхтэй байж болно. Үүний тулд хууль эсвэл хэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрх олгогдсон байх ёстой.

Жишээ 6: А өөрийн зурсан уран зургаа худалдах хүсэлтэй байгаа боловч энэ харилцаанд худалдагчийн хувьд оролцохыг хүсэхгүй байгаа. Тэрээр өөрийн найз Э-ээс худалдах асуудлыг хариуцахыг хүсээд өөрийн нэрийг дурдахгүй байхыг хүссэн. Э зургийг авч яваад худалдан авагч хайж эхэлсэн ба удалгүй Б-г олсон. Э нь Б-тэй өөрийн нэрийн өмнөөс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Б-тэй байгуулсан гэрээгээр Э уран зургийг түүнд шилжүүлэх замаар өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг хүлээсэн.

Өмчлөх эрхийг шилжүүлэхийн тулд өмчийн хэлцэл байх ёстой. Учир нь өмчийн хэлцлийн үндсэн дээр эрх шууд шилжих боломжтой. Тиймээс захиран зарцуулж буй этгээд захиран зарцуулах эрхтэй тохиолдолд л энэ хэлцэл хүчин төгөлдөр болно. Энэ тохиолдолд эрхийн эзэн нь өмчлөгч А байна. Өмчлөгчөөс өөр бусад этгээд эрхийг хүчин төгөлдөр байдлаар захиран зарцуулахын тулд гагцхүү түүнээс захиран зарцуулах эрхийг олж авсан байх ёстой. (ИХ-ийн 50.1 дэх хэсэг) Энэхүү захиран зарцуулах бүрэн эрхийг А-аас Э-д олгосон гэж үзнэ. Учир нь А Э-д хандан өөрийн нэрийг дурдалгүйгээр уран зургийг Б-ийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрсөн.

Жишээ 7: А өөрийн зурсан уран зургаа худалдахыг хүссэн. Өөрөө завгүй байсан тул найз Э-ээсээ А-ийн нэрийн өмнөөс зургийг бусдад худалдаж өгөхийг хүссэн байна. Э нь Б-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба ингэхдээ Э бүхий л илэрхийллийг А-ийн нэрийн өмнөөс илэрхийлж мөн хүлээн авсан. Ийнхүү А ба Б-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Учир нь Э төлөөлөх эрхийн үндсэн дээр бусдын нэрий өмнөөс өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хүсэл зоригийг илэрхийлсэн тул төлөөлүүлэгч А энэхүү хэлцлээс үүдэлтэй эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. Энэ тохиолдолд А нь Б-д хэрхэн өмчлөх эрхээ шилжүүлэх вэ?

А нь ИХ-ийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасны дагуу Б-тэй өмчийн хэлцэл хийсэн. Тодруулж хэлбэл А нь Б-тэй уран зургийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Энэ тохиолдолд Э нь А-ийн нэрийн өмнөөс өөрт олгогдсон төлөөлөх бүрэн эрхийн хүрээнд Б-д өмчлөх эрхийг шилжүүлэхээр санал гаргах ба ингэснээр үүдэн гарах эрх зүйн үр дагавар нь А-д үүснэ (ИХ-ийн 63.2 дахь хэсэг).

Б нь Э-ийн илэрхийлсэн гэрээний саналыг хүлээн авснаар үүнээс үүдэн гарах эрх зүйн үр дагавар нь А-д хамааралтай ба ингэснээр А ба Б-ийн хооронд Э-ийн тусламжтайгаар хүчин төгөлдөр гэрээ байгуулагдана. Уран зургийн эзэмшил нь Э Б-д зургийг гардуулан өгөх буюу зургийг шилжүүлж өгөх замаар шилжинэ (ИХ-ийн 111.2.1 дэх хэсэг). Ингэснээр ИХ-ийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийн бүрэлдэхүүн хангагдаж Б нь уран зургийн өмчлөгч, эзэмшигч болно.

Жишээ 8: А-ийн зочны өрөөнд түүний өмчлөлийн нэгэн уран зураг өлгөөтэй байсан. Д уран зургийг хулгайлсан. Д уран зургийг Б-д худалдсан. Уран зураг хэний өмчлөлийн зүйл вэ?

Уран зураг хулгайлагдахаас өмнө түүний өмчлөгч нь А байсан. Д нь өөрийн нэрийн өмнөөс уран зургийг худалдаж өмчийн хэлцэл хийсэн. Ийнхүү өөрийн нэрээр хөрөнгө захиран зарцуулж буй этгээд нь гагцхүү ийм эрх бүхий байх тохиолдолд л өмчийн хэлцэл хүчин төгөлдөр байна.

Захиран зарцуулах эрх бүхий гэдэгт эрхийн эзэн буюу А-г ойлгоно. А-аас өөр этгээд өөрийн нэрийн өмнөөс уран зургийг захиран зарцуулахын тулд ИХ-ийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасны дагуу түүнд зөвшөөрөл олгогдсон байх ёстой. Ийм зөвшөөрөл Д-д олгогдоогүй. Иймээс захиран зарцуулах эрхгүй этгээд болох Д уран зургийг захиран зарцуулсан байна. Эрхгүй этгээдээс эрх олж авах тохиолдлын талаар ИХ-ийн 114-р зүйлээр зохицуулсан байдаг. Энэ зүйлд заасны дагуу хөдлөх хөрөнгийг олж авч буй этгээд нь шударгаар олж авсан байх ёстой. Гэхдээ ИХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт заасны дагуу хулгайн эд юмсад энэ зохицуулалт хамаарахгүй. Иймээс Б уран зургийг эзэмшилдээ байлгаж байгаа ч түүний өмчлөгч болоогүй буюу А өмчлөх эрхээ алдаагүй байна. Ингэснээр А нь ИХ-ийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгчийн хувьд Б-ээс уран зургаа буцаан шаардах эрхтэй.

Жишээ 9 : А-ийн хөрөнгө дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зүйл болсон. Дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр Д ажиллаж байгаа. Аж ахуй эрхлэгч Б нь А-д 5 сая төгрөг төлөх үүрэгтэй. Б дампуурлын хэрэг үүссэн талаар мэдээгүй ба мөнгийг А-д төлсөн. Дампуурлын хэрэг гүйцэтгэгч Д нь Б-г дахин 5 сая төгрөг өөрт нь төлөх ёстой гэж үзсэн. Үндэслэлтэй юу?

Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах нь өмчийн хэлцэл болно. Яагаад вэ гэхлээр үүргийг гүйцэтгэснээр эрх дуусгавар болж байгаа (ИХ-ийн 236.1 дэх хэсэг).

Үүрэг гүйцэтгүүлэгч А нь шаардах эрхээ захиран зарцуулах эрхээ дампуурлын хэрэг үүссэнээр алдаж энэ эрх нь Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг гүйцэтгэгч Д-д шилжсэн. Иймээс А нь үүргийн гүйцэтгэлийг Б-ээс хүлээн авахдаа өөрийн шаардах эрхээ эрхгүйгээр захиран зарцуулсан байна.

Эрхгүй этгээдийн өмнө үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд гагцхүү үүрэг гүйцэтгэгч шударгаар хандсан тохиолдолд л үүргийн гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ алддаг. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч Б шударгаар хандсан тохиолдолд тэрээр хамгаалагдах боломжтой. Манай тохиолдолд үүрэг гүйцэтгэгч Б үүргээ гүйцэтгэх үедээ дампуурлын хэрэг үүссэн талаар мэдээгүй байсан тул үүргээс чөлөөлөгдөхөөр байна.

d. Үүргийн ба өмчийн хэлцлийн ялгаа
Үүргийн ба өмчийн хэлцлийн гол ялгааг дараах байдлаар тодорхойлж болно:

Жишээ 10: А уран зургийн өмчлөгч. Энэ зургийг Б нь Д-д худалдсан. Энэхүү худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр үү?

Худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар хөрөнгийн эрхийн байдалд шууд өөрчлөлт орохгүй харин хөрөнгийн эрхийн байдалд өөрчлөлт оруулах үүргийг хүлээж байгаа тул үүргийн хэлцэл юм.

Үүргийн хэлцэл хийхэд ямар нэгэн онцгой эрхтэй байхыг шаардахгүй. Иймээс Б ба Д-ийн хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр юм. Энэ тохиолдолд Б нь худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй худалдагчийн эзэмшил, өмчлөлд уран зургийг шилжүүлэх үүргийг хүлээх ба тэрхүү үүргээ гүйцэтгэж чадах эсэх нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

Жишээ 11: А нь нэгэн уран зургийн өмчлөгч. А зургаа Б-д худалдсан ба түүний дараахан Д-д худалдсан.

Дээрх 2 гэрээ хоёулаа хүчин төгөлдөр. Учир нь үүргийн хэлцэл хийхэд дээр дурдсаны дагуу онцгойлсон эрхтэй байхыг шаарддаггүй. А уран зургийг ИХ-ийн 111-р зүйлд заасны дагуу Д-д шилжүүлснээр Д өмчлөгч болно. Учир нь өмчлөгч эд юмсаа захиран зарцуулсан ба тэрээр ийнхүү захиран зарцуулах эрх бүхий этгээд юм. Хэдийгээр А нь Б-тэй Д-ээс түрүүлж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч дэс дарааллын зарчим нь үүргийн бус харин өмчийн хэлцэлд үйлчлэх тул Д өмчлөгч болсон.

Б болон Д нар А-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс тус тус эрх олж авсан ба энэ эрхүүд нь үүргийн хэлцлийн харьцангуй шинжтэй үр дагавар юм. Иймээс Б нь А-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй аливаа шаардлагыг Д-ийн эсрэг хэрэгжүүлэх боломжгүй.

Харин Д уран зургийг өмчлөлдөө олж авсан нь өмчийн хэлцлийн туйлын шинжтэй үр дагавар тул хэрэв Б уран зургийг эзэшмшилдээ олж авсан байсан бол Д нь ИХ-ийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлага хэрэгжүүлэх эрхтэй.